2022 - 2024 оны Хамтын гэрээ
1.1 Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дахь заалт, “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт 2021-2022 оны улсын хэлэлцээр, Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамтын /тариф/-ын хэлэлцээр, Дорноговь аймгийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны хэлэлцээрийг тус тус үндэслэн энэхүү хамтын гэрээг байгуулав.
1.2 Хэлэлцээрийн зорилго нь компаний үйлдвэрлэлийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг хангахад ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах, хуулиар шууд зохицуулаагүй бусад асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд оршино.
1.3 Хамтын гэрээ нь ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан хууль эрх зүйн баримт бичиг мөн.
1.4 Ажилтнуудын ҮЭ-ийн хорооноос Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулахыг захиргаа хүлээн зөвшөөрч хамтран ажиллана.
1.5 Хамтын гэрээ нь тус компанийн ажил олгогч, нийт ажилтнуудад тэгш эрхтэйгээр хамаарч үйлчилнэ.
2.1 Хууль болон бусад гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний заалтыг мөрдөхгүй.
2.2 Ажлын байрыг олноор цөөрүүлэх, хөдөлмөрийн нөхцлийг дордуулахад хүргэх орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ захиргаа нэг сарын өмнө ҮЭ-ийн хороонд урьдчилан мэдэгдэж, ажилтны хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хангах, нийгмийн хамгааллын талаар хэлэлцээр хийж, орон нутгийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэнэ.
2.3 Компанийн захиргаа нь ажлын байрыг цомхотгох шаардлага гарвал өөрийн байгууллагад олон жил ажилласан нарийн мэргэжлийн, өрх толгойлсон ажилтнуудыг харгалзан үзнэ.
2.4 Ажил үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтан хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан ажилтанд 5 дахин, 30- 50 хүртэл хувиар алдсан бол 7 дахин, 50 – 70 хүртэл хувиар алдсан бол 9 дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол ажилтанд 18 дахин нөхөн төлбөрийг жилд 1 удаа олгоно.
2.5 30-аас дээш хоногийн хугацаагаар өөрийн мэргэжлийн чиглэлээр магистрантурт сурах, давтан сурах мэргэжил дээшлүүлэхээр захиргаанаас чөлөө авсан тохиолдолд түүний орон тоо, ажил албан тушаалыг нь хэвээр хадгална.
2.6 Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж буй туслах ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлж, ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацаанд нь ногдуулан олгоно.
3.1 Компанийн захиргаа нь хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажил албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын лавлах, хөдөлмөрийн норм, норматив, үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох журмыг ҮЭ-ийн хороотой зөвшилцөн баталж мөрдүүлнэ. Хэрэгжилтэд нь ҮЭ-ийн Хороо хяналт тавина.
3.2 Монгол Улсын Засгийн Газрын шийдвэр, Эрчим хүчний салбарын хамт /тариф/-ын хэлэлцээртэй холбогдуулан тухай бүр компанийн захиргаа нь ҮЭ-ийн хороотой ажилтнуудын үндсэн цалингийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцын түвшнийг харгалзан нэмэгдүүлнэ.
3.3 Ажилтануудын цалин хөлсийг сард 2 удаа олгоно. Цалинг тухайн сард багтаан олгох ба ээлжийн амралт авсан ажилтанд дараа сарын 05 өдөрт багтаан амралтын олговрыг олгоно. Хугацаанд нь цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно.
3.4 Ажил олгогчоос үл шалтгаалан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан аюулт үзэгдэл, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийн улмаас,эсхүл ажилтнаас үл шалтгаалах сул зогсолтын хугацаанд түүнийг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол түүнд үндсэн цалингийнх нь 70 хувиар тооцон олговор олгох бөгөөд олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй.
3.5 Компанийн захиргаа нь ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг ажилтнаар гүйцэтгүүлэхийг хориглоно. Хэрэв ажлын зайлшгүй шаардлагаар мэргэжил, ажил, албан тушаал хавсран ажилласан, эзгүй байгаа ажилтны ажил үүргийг орлон гүйцэтгэсэн тохиолдолд ажилтанд гүйцэтгэх ажил үүрэгг нь тохирох цалин хөлсийг нэмж олгоно.
3.6 Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 1.5 дахин, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 2.0 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно
3.7 Компани ашигтай ажилласан тохиолдолд ажлын үр дүнгийн шагналт цалинг жилд нэг удаа олгоно. /Хуримтлагдсан алдагдлыг нөхсөний дараах ашгаар/.
3.8 Мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан ажилтанд ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 50% хүртэлх хувиар тооцон 1-6 сарын хугацаанд олгоно.
3.9 Компанийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангахад онцгой хувь нэмэр оруулсан, шинэ бүтээл, оновчтой санал үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажилласан ажилтанд ажлын үр дүнг харгалзан 1-12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.
3.10 Компанид удаан жил ажилласан хугацааны нэмэгдлийг дараах байдлаар олгоно. Удаан жил ажилласны нэмэгдлийг олгохдоо байгууллага татан буугдах, байгууллага нэгдэх, байгууллагын статус, нэр өөрчлөгдсөнөөс үл хамааран тухайн байгууллагад ажилласан нийт хугацааг оруулан тооцно. Үүнд:
3.11 Компанийн үйлдвэрлэлийн онцлог болон ажилтнуудыг мэргэшүүлэх, ажил үүргийг нь оновчтой зохион байгуулах зорилгоор ажилтнуудыг түр хугацаагаар өөр ажил, албан тушаалд 3 сараас илүүгүй хугацаагаар шилжүүлэн ажиллуулж болно. Ингэхдээ урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүй.
3.12 Үйлдвэрлэлийн онцлогоос хамааран улирлын чанартай ажилладаг ажилтнуудад чөлөөлөгдсөн хугацаанд нь Монгол Улсын Засгийн Газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийг компани хариуцан төлнө.Уг заалтанд гэрээт буюу туслах ажилтан хамаарахгүй.
3.13 Улирлын чанартай ажилладаг ажилтныг халаалтын бус улиралд түр ажлын байраар ханган ажиллуулж болно. Энэ тохиолдолд тухайн ажлын байрны цалингаар цалинжуулж холбогдох бусад нэмэгдлийг олгоно.
3.14 Компанийн захирлын зөвшөөрлөөр ажилтан үндсэн ажилд хамаарахгүй гэрээт ажил гүйцэтгэсэн тохиолдолд түүнд үндсэн ба нэмэгдэл цалинг давхардуулан олгохгүй ба гэрээт ажил гүйцэтгэсэн хөлсийг гэрээнд заасны дагуу олгоно.
3.15 Ажил олгогч нь ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
Компанид шинээр ажилд орсон дагалднаар ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сар хүртэл байна. Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй
3.16 Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй нэмэгдэл ажил үүрэг гүйцэтгэвэл компанийн захиргаа тухайн ажилтантай тохиролцон нэмэгдэл хөлс олгоно.
3.17 Ажилтан удирдах албан тушаалтныг тодорхой хугацаагаар орлон ажилласан тохиолдолд албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг тооцож олгоно.
3.18 Жил бүр компанийн хөдөлмөрийн аваргыг шалгаруулж салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин, алба, салбарын хөдөлмөрийн аваргаар шалгарсан ажилтнуудыг салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
3.19 Тус компанид ажиллаж байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтонд 200.000, Монгол Улсын гавъяат ажилтанд 100.000, Эрчим хүч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний болон санхүү банкны тэргүүний ажилтан, Онц тээвэрчин жолоочид 20.000 төгрөгийн нэмэгдлийг сар бүр олгоно.
3.20 Эрчим хүчний яам, салбарын ҮЭ-ийн Холбооны хамтарсан шагнал “Тэргүүний мастер” цол тэмдэгээр шагнагдсан ажилтанд дагалдах мөнгөн шагнал 100,000 төгрөгийг компани олгоно.
3.21 Ажилтнуудын мэргэжлийн цол, зэргийн нэмэгдлийг ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагад нийцүүлэн зөвхөн тухайн мэргэжлийн ажлын байранд ажилласан тохиолдолд олгоно. Үүнд:
3.21.1 Магистр – 10 хувь
3.21.2 Мэргэшсэн – 20 хувь
3.21.3 Зөвлөх – 30 хувь
3.22 Ажилтнуудад мэргэжлийн үнэмлэх, тухайн ажлын байранд мэргэшсэн байдлыг харгалзан компанийн дэргэдэх мэргэжлийн зэрэг олгох комиссын дүгнэлт, шийдвэрийн дагуу мэргэжлийн зэрэг олгоно. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлийн ажлын байранд ажилласан тохиолдолд олгоно. Мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох хэмжээ:
3.22.1 Хоёрдугаар зэрэг – 10 хувь
3.22.2 Гуравдугаар зэрэг – 15 хувь
3.22.3 Дөрөвдүгээр зэрэг – 20 хувь
3.22.4 Тавдугаар зэрэг – 25 хувь
3.22.5 Зургаадугаар зэрэг – 30 хувь
3.23 Шөнийн ээлжинд ажилладаг ажилтнуудад шөнийн цагийн нэмэгдлийг тарифт цалинг 0.5 дахин нэмэгдүүлж бодож олгоно.
3.24 Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажлын байрыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нэмэгдлийг захирлын тушаалаар батлан мөрдүүлнэ.
3.25 Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол цалин хөлсийг 1.2 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.
3.26 Ажилтныг илүү цагаар, долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр шөнийн цагг ажиллуулсан бол хөдөлмөрийн хуулийн 109.1, 109.2, 109.4-т заасан нэмэгдэл хөлс дээр шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно.
4.1 Ажлын өндөржүүлсэн болон онцгой дэглэм тогтоосноос бусад тохиолдолд 8 цагаас илүүгүй ажиллуулна.
4.2 Ээлжийн ажилтнуудыг 2 цаг тутамд ээлжийн мастерын зөвшөөрлөөр 15 минут амрааж болно.
4.3 Ажилтнуудын дунд спорт, соёл урлагийн арга хэмжээг сар бүр алба, хэсгүүд батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулна.
4.4 Ээлжийн амралтын хуваарийг ажилтны болон алба хэсгийн удирдлагын саналыг харгалзан компанийн захиргаа тогтооно. Ээлжийн амралттай байгаа ажилтныг ажлын зайлшгүй шаардлагаар ажилд нь эргүүлэн оруулсан тохиолдолд цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ба дутуу амарсан үеийн амралтыг заавал биеэр эдлүүлнэ.
4.5 Ажилтны өөрийн хүсэлт болон алба, хэсгийн тодорхойлолтыг үндэслэн 6 хүртэл сарын цалингүй, хүндэтгэн үзэх шалтгаантай ажилтанд 6 хүртэл сарын цалинтай чөлөөг захирлын зөвлөлийн шийдвэрээр жилд нэг удаа олгож болно.
4.6 Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан Бямба, Ням гарагт амрах боломжгүй ажилтныг долоо хоногийн өөр дараалсан хоёр өдөр амруулна.
4.7 Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно.
4.8 Нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхийн аль нэг нь хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаагаар дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөө олгоно.
5.1 Ажилтнуудад дараах хөнгөлөлтүүдийг олгоно. Үүнд:
5.1.1 Хоолны хөнгөлөлт сар бүр 15000 төгрөг. Ажилтануудын цайны газрыг компанийн мэдэлд ажиллуулж ашиг тооцохгүйгээр өртгөөр нь хямд хоолоор үйлчилнэ.
5.1.2 Галлагаатай байр, гэрт амьдардаг ажилтан тус бүрт жилд нэг удаа 4 тн нүүрсийг зах зээлийн ханшнаас 50 хувийн хөнгөлөлттэй олгоно.
5.1.3 Төвлөрсөн халаалалттай орон сууцанд амьдардаг хүн тус бүрт тухайн жилд мөрдөж байгаа халаалтын үнийн 50 хувийг хөнгөлнө.
5.1.4 Компанийн нийт ажилтанд сар бүр унааны хөнгөлөлт 16000 төгрөг.
5.1.5 Улс, бүс, салбарын байгууллагуудын болон олон улсын чанартай спорт, урлаг, ажил мэргэжлийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн ажилтнуудад захирлын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн эх орны болон гадаад орны түүх.соёлын дурсгалт,байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах болон үндсэн цалингийн хувиар тооцож урамшуулал олгож болно.
5.1.6 Улс, орон нутгийн чанартай спорт, соёл урлагийн болон бусад албан ёсны арга хэмжээнд оролцож байгаа ажилтнуудад ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалинг бүрэн олгоно.
5.2 Компанийн захиргаа өндөр настнуудыг жилд 2 удаа албан ёсоор хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулна.
5.3 Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтнуудад Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тус компанид ажилласан жилээр үржүүлж нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно.
5.4 Компанид ажиллаж байгаад ҮО-ын улмаас эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн ажилтан нас барсан тохиолдолд /хэрэв өөр байгууллагад ажиллаагүй бол/ 1000,000 төгрөг, /өөр байгууллагад хөнгөн ажил хийж байсан/ 500,000 төгрөгний буцалтгүй тусламжийг ар гэрт нь нэг удаа олгоно.
5.6 Компани, түүний алба, салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. Үүнд:
5.6.1 6 сараас- 2 жил хүртэл ажилласан бол 1 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх:
5.6.2 2-5 хүртэл жил ажилласан бол 2 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх:
5.6.3 5-10 жил хүртэл ажилласан бол 3 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх:
5.6.4 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 4 ба түүнээс сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.
5.7 Ажилтнуудад дараах тохиолдолд буцалтгүй тусламж олгоно. Үүнд:
5.7.1 Ажилтны эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд нас барвал 400.000 төгрөг
5.7.2 Ажилтны төрсөн ах, эгч, дүү, хадам эцэг, эх, өөрийн өвөг эцэг, эмэг эх нас барвал 200.000 төгрөг.
5.7.3 Байгалийн гэнэтийн аюул, гамшиг, давагдашгүй хүчин зүйлд өртөж хохирол учирсан өрхөд хохирлын хэмжээг харгалзан 1.000.000 төгрөг
5.7.4 Тухайн компанид ажиллаж байх хугацаандаа нас барсан ажилтны ар гэрт нь 2.000.000 төгрөг
Жич: Дээрхи буцалтгүй тусламжийг гэр бүлийн хоёр ба түүнээс дээш гишүүд тус компанид ажилладаг бол гэр бүлд зөвхөн нэг буцалтгүй тусламжийг үзүүлнэ.
5.8 Компанид ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдсан ажилтныг цэргийн албанаас чөлөөлөгдсөний дараа ажлын байраар хангана.
5.9 Үйлдвэрлэлийн осолд өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчтэй болон эрүүл мэндийн хувьд эмчлүүлж, сувилуулах шаардлагатай ажилтныг компанийн саналаар улсын чанартай рашаан, сувилалд сувилуулж, эмчлүүлсэн тохиолдолд “Улсын чанартай магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалын илгээх бичиг”-ийг үндэслэн жилд нэг удаа 50 хувийн хөнгөлөлтийг компанийн захиргаа үзүүлнэ.
5.10 Компанийн захиргаа нь ажилтнуудыг орон сууцжуулахад хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор орон сууцны хөнгөлөлттэй зээл, бусад төсөл хөтөлбөрт хамруулах, ажилтнуудын орон сууц барих талаар санал санаачлага гаргаж ажиллана.
5.11 Ажилтан 1 сар ба түүнээс дээш хугацаагаар эмчлүүлсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагын /эмч нарын зөвөлгөөний шийдвэр/ зохих бичиг баримтыг үндэслэн ажилтанд 1-4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг 1 удаа олгоно.
6.1 Жил бүрийн 4-р сарын 28-нд ҮО-оор амь эрсэдсэн, МШӨ, ҮО-оор эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор акт тогтоолгосон хүмүүст хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулна.
6.2 Компанийн ажлын байрны онцлогт тохируулан ажлын хувцасны загвар, материалын сонгон шалгаруулалт хийж хангалтыг тогтоосон хугацаанд олгоно.
6.3 Компанийн ажилтнуудыг жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэг хамруулж. зардлыг компани 100 хувь хариуцана.
6.4 ХАБЭА хариуцсан ажилтан, эрүүл ахуйч эмчийг орон тоогоор ажиллуулна. Компанийн ажилтнуудын эрүүл мэндийн байдалд жил бүр судалгаа хийж, зонхилох өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөтэй авч хэрэгжүүлнэ.
6.5 Ажилтнуудыг хавар, намар витаминжуулалтанд бүрэн хамруулна. Эрүүл мэндийн болон эрүүл аж төрөх сэдвээр сургалт сурталчилгааг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж “Эрүүл мэндийг дэмжигч” болон “Эрүүл Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болох зорилт дэвшүүлэн ажиллана.
6.6 Осол аваар гэмтэл саатал арилгах үед ажилласан ажилтнуудыг дулаан байр, хооллох нөхцлөөр хангаж зардлыг компани хариуцна.
7.1 Компанийн санаачлагаар дотооддоо болон мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран инженер техникийн болон мэргэжлийн ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, зэрэг ахиулах сургалтуудыг зохион байгуулсан нөхцөлд сургалтын зардлыг компани 100 хувь хариуцна. Ажилтнуудыг бусад төрлийн сургалтанд өргөнөөр хамруулах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
7.2 Компанийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай мэргэжилтай ажилтан бэлтгэх зорилгоор гадаад, дотоодын их дээд сургууль, коллеж, мэргэжил олгох ба дээшлүүлэх курс, сургалтанд ажилтнууд, ЕБС төгсөгчдийг хамруулан компани сургалтын зардлыг бүрэн ба тодорхой хувийг хариуцна.
7.3 Ажилтнуудад хос мэргэжил эзэмшүүлэх сургалтыг компанийн захиргаа, ҮЭ -ийн Хороо хамтран зохион байгуулна. Ажилтан өөрөө төлбөрөө төлөөд 3 сар хүртэлх хугацаагаар үйлдвэрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэргэжлээр мэргэжил эзэмших болон дээшлүүлэх сургалтанд суралцах тохиолдолд тухайн суралцах хугацаанд нь цалинтай чөлөө олгоно.
7.4 Салбарын хэмжээнд хийгдэж байгаа техник, технологийн шинэчлэлттэй холбогдуулан мэргэжил боловсролыг дээшлүүлэхээр сургалтанд хамрагдаж буй ажилтнуудын сарын цалинг суралцах хугацаанд нь олгоно.
7.5 Компани мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран инженер техникийн болон мэргэжлийн ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, зэрэг ахиулах сургалтуудыг гэрээний үндсэн дээр зохион байгуулна.
7.6 Ажил төрлийн холбоотой байнгын харилцагч байгууллага, хамт олонтой ажлын туршлага, мэдээлэл солилцох, спорт, соёл урлагийн болон бусад олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулна.
7.7 Компанийн ажлын байранд мэргэжлийн сургалт хийсэн, ажилтнуудад хэрэгцээтэй мэдээ, мэдээлэл өгсөн багш, хүмүүст эрдмийн зэрэг цол, сургалтын үр дүнг харгалзан урамшуулал шагнал олгоно.
7.8 Компанитай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, тэдний ажлын туршлага судлах зорилгоор жилдээ байгууллагын 2 алба, салбарт ҮЭ-ийн хорооноос санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
8.1 ҮЭ-ийн хороо нь байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хамтын гэрээ, ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.
8.2 Компанийн захиргаа нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжоор ханган шаардлагатай өрөө, тасалгаа, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана.
8.3 Компанийн захиргаа нь Үйлдвэрчний эвлэлийн хороонд хамтын гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээ хийх болон бусад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүү, эдийн засгийн холбогдолтой мэдээ, тайлан, захиргааны шийдвэрийг гаргаж өгнө.
8.4 Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг /тэргүүлэгчид/ үйлдвэрчний эвлэлийн сургалтанд хамрагдах, хурал, зөвлөлгөөн, семинар, ярилцлагад оролцох үед албан тушаалыг нь хэвээр хадгалж цалин хөлсийг нь бүрэн олгоно.
8.5 ҮЭ-ийн орон тооны сонгуульт ажилтныг хамтын гэрээнд хамруулан холбогдох нэмэгдэл, шагнал, урамшуулалыг ҮЭ-ийн санхүүжилтээс олгоно.
8.6 Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн ҮЭ-ийн хорооны сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эргүүлэн ажиллуулах буюу тухайн ажлын байр байхгүй бол өөрийн нь зөвшөөрсөнөөр урьд авч байсан дундаж цалинг бууруулахгүйгээр ажил олгоно.
8.7 Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн ҮЭ-ийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэгэн адил үйлчилнэ.
8.8 ҮЭ-ийн гишүүдийн татварыг бэлэн бусаар /дансаар/ хураан ҮЭ-ийн Хорооны дансанд дараа сарын 05 -ны дотор шилжүүлнэ.
8.9 ҮЭ-ийн бүх төрлийн сургалт, семинарт гишүүдийг үнэ төлбөргүй оролцуулна.
8.10 Компани өөр байгууллагатай нэгдэх, шинээр алба, салбар хүлээж авах, барилга байгууламжийн төсөл боловсруулах, барьж ашиглалтад оруулах, шинээр тоног төхөөрөмж, машин механизм суурилуулах зэрэгт ҮЭ -ийн төлөөлөгчийг оролцуулна.
9.1 Хамтын гэрээний биелэлтэнд талууд болон тэдгээрийн төлөөлөгчид хяналт тавин ажиллана.
9.2 Талууд хамтын гэрээний биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ биелэлт, явцын талаар өөртөө байгаа бүх мэдээллийг харилцан солилцоно.
9.3 Хамтын гэрээний биелэлтийг талуудын төлөөлөгчдийн хамтарсан хурлаар жил бүрийн 11-р сарын сүүлийн 7 хоногт багтаан хэлэлцэн дүгнэж, нийт ажилтнуудад мэдээлнэ.
9.4 Хамтын гэрээнд талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулж болно.
9.5 Хамтын гэрээ нь талууд гарын үсэг зурж, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх ба хугацаа дуусахаас өмнө шинэ гэрээ байгуулаагүй эсвэл нэмэлт өөрчлөлт оруулаагүй, аль нэг тал нь санал тавиагүй бол дараагийн хамтын гэрээ батлагдах хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
9.6 Хамтын гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдсөн тохиолдолд аль нэг тал нь маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд төлөөлөгчдийн хуралдааныг 7 хоногийн дотор зарлан хуралдуулах эрхтэй.
9.7 Хамтын гэрээг хэлэлцэх, батлах, мөрдөх, биелэлтийг дүгнэх явцад талуудын үйл ажиллагаанд саад учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
9.8 Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг Монгол Улсын хууль тогтоомжинд заасны дагуу шийдвэрлүүлнэ.
9.9 Хамтын гэрээнд оролцогч талуудын байгууллагын харъяаллын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээ цуцлах үндэслэл болохгүй.