Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Уудам говь нутгийнхаа ард иргэдийн өнөтэй дулаан өвөлжих, өөдлөн дэвжих амьдралыг залгуулан яваа “Чандмань-Илч” ОНӨХКК-ийн нийт хамт олондоо, үе үеийн ахмадууд хамтран ажилладаг байгууллагууд, манай компанийн үйлчилгээг хүлээн авдаг аймгийнхаа нийт хэрэглэгчид та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэж аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээний жигд найдвартай ажиллагааг хангахын төлөө итгэл, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа хөдөлмөрч хамт олныхоо чин сэтгэлийн мэндийг уламжилья.

Бид хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, унд ахуйн стандартад тохирсон цэвэр усаар тасралтгүй хангаж, цаг үетэйгээ нийцүүлэн сүүлийн үеийн дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэн, усны аюулгүй байдлыг хангах, баталгаат ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэн хэрэглэгч харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн эвсэг бүтээлч хамт олныг бүрдүүлэх эрхэм зорилготой ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд манай хөдөлмөрийн хамт олон аймаг орны хөгжил дэвшлийн бодлоготой уялдсан олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, “Мандах наран-5” хорооллын гадна инженерийн шугам сүлжээ, зуухны барилга байгууламжийн ажлыг хийж тус хорооллыг ус, дулаанаар ханган ажиллаж байна. Мөн Төмөр замын салбарыг шинээр байгуулж боловсон хүчнээр хангаж, ажлыг жигдрүүлж чадлаа. Мөн Сайншанд сумын төв дулааны зуухны КЕ-25/14 маркийн хоёрдугаар зуухны халах гадаргуу шинэчилж, нүүрс шидэгч суурилуулж, “КЕ-25/14” 3 дугаар зуухны утаа сорогчийн хөдөлгүүр шинэчилсэн.

Үүнээс гадна Сайншанд сум болон бусад салбарын дулааны зууханд шинэчлэл хийж Айраг салбарын 1 дүгээр зуухны шинэчлэл, Хатанбулаг салбарын техникийн нөхцөлөөр 2 дугаар зуухны шинэчлэл, сүлжээний насосны шинэчлэлийн ажил, Иххэт салбарын 1 дүгээр зуухны шинэчлэлийн ажил, 4.7 км цэвэр усны шугамын ажил, Даланжаргалан салбарын техникийн нөхцөлөөр зуухны шинэчлэлийн ажил, Өргөн салбарын нэгдүгээр зуухны шинэчлэлийн ажил, 300 м дулааны шугам, 600 м цэвэр усны шугам, шинээр угсарч ашиглалтад орууллаа.

Мөн салбарууд болон төв зуухны засвар шинэчлэлийн олон ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. Эрчим хүчний яам, “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” хамтран боловсруулж, “НАМА” Фасилити байгууллагад өргөн барьж, тус байгууллагад хүргүүлсэн 40 төслөөс шалгарч Монгол Улсад хэрэгжих болсон “Цэвэр дулааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрчим хүчний шилжилтийг дэмжих” төслийн санамж бичигт аймгийн Засаг дарга О.Батжаргал гарын үсэг зурсан.

Монгол Улсад анх удаа хэрэгжих тус төслийн хүрээнд 23 сая долларын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Сайншанд хотод 8-10МВт-ын нарны дулааны эх үүсвэрийг 2023-2028 оны хооронд барьж байгуулах юм. Үүнээс гадна “Бохир усны хэрэглээний орчин сайжруулах төсөл”-ийг Японы Шизүока мужийн мэргэжилтнүүдтэй хамтран амжилттай хэрэгжүүлж олон удаагийн сургалт зохион байгууллаа.

Дорноговь аймагт Монголын хөгжлийн гарц, эдийн засгийн амин судсыг тэтгэх газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, Алтанширээт үйлдвэрлэл технологийн парк, төмөр зам гээд томоохон төсөл хэрэгжиж байна.

Үүнийг дагасан шинэ суурьшлын бүс бий болж, хүн ам ч төвлөрч эхэллээ. Айл өрх, албан газруудыг ус, дулаанаар хангах, бохир цэвэр усыгтатан төвлөрүүлэх бидний ажил ч жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ бүгдийг хөдөлмөрийн хамт олныхоо хүчээр, орон нутгийн удирдлага, бодлого шийдвэрийн дэмээр, хэрэглэгчдийнхээ идэвх, оролцоо дэмжлэгээр амжилттай хэрэгжүүлэх болно. Ингээд “Чандмань-Илч” ОНӨХХК-ийн хамт олондоо, бидний ажлыг ойлгож дэмжин тусалдаг орон нутгийн удирдлага, хамтран ажилладаг байгууллагууддаа, хэрэглэгчдэдээ ажилд нь амжилт, амьдралд нь сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

“ЧАНДМАНЬ-ИЛЧ” ХХК-ийн ЗАХИРАЛ Д.ТӨМӨРБААТАР