Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. “Чандмань Илч” ХХК (цаашид “Байгууллага” гэх)-ын зорилго, гадаад, дотоод асуудал, сонирхогч талуудын хэрэгцээ хүлээлтэд тохирсон, стратегийн чиглэлийг дэмжих, чанар, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын зорилтуудыг бий болгох тогтолцоогоор хангахад энэхүү бодлогын зорилго оршино.
  2. Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого нь чанар, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлогуудаас бүрдэнэ.
  3. Байгууллага нь нэгдсэн менежментийн тогтолцооны үйл ажиллагаандаа Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны ISO45001:2018, байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартуудын холбогдох шаардлагууд болон Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг мөрдлөг болгон ажиллана.
  4. Байгууллага нь үйл ажиллагааг зохицуулагч байгууллагаас гаргасан хууль, дүрэм, журам, заавар, зөвлөмж, гэрээний үүрэг ба нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллана.
  5. Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлогын хэрэгжилт нь байгууллагын гадаад, дотоод сонирхогч талуудад мөн адил хамаарах бөгөөд бодлогын талаарх ойлголтыг өгч, хамтран ажиллана.
  6. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ холбогдох журам, аргачлалыг боловсруулан мөрдөж ажиллана.
  7. Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого нь нийтэд нээлттэй байна.

ХОЁР. УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ

Компанийн Гүйцэтгэх удирдлага, захирлын зөвлөл нь нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, үр дүнтэй байдлыг хангахад дараах алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого, зорилтуудыг байгууллагын бизнес төлөвлөгөө, нөхцөл байдалтай нийцүүлж боловсруулж, батлуулна.
  2. Нэгдсэн менежментийн тогтолцоо (цаашид “НМТ- гэх)-г хэрэгжүүлэхдээ байгууллагын үндсэн болон бусад үйл явцтай уялдуулж нэптэх нөхцлөөр хангана.
  3. НМТ-г тасралтгүй үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд үйл явцын хандлага, эрсдэлд суурилсан сэтгэлгээг дэмжинэ.
  4. НМТ-г нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, тогтвортой байлгах, тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг дэмжиж, шаардагдах нөөцөөр тогтмол хангана.
  5. Үр дүнтэй НМТ-ны шаардлагад нийцэх ач холбогдлын талаар тодорхой ойлголтыг нийт ажилтнуудад өгөх үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, тасралтгүй хэрэгжүүлнэ.
  6. Бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чадварт нөлөөлөхүйц эрсдэл болон боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлнэ.
  7. Байгаль орчны асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдлын аюулыг тодорхойлж, эрсдэлийн үнэлгээ хийж урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол авч хэрэгжүүлнэ.
  8. Монгол улсын хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагыг чандлан мөрдөж
    ажиллахад анхаарч манлайлах үүргээ биелүүлнэ.
  9. Хөдөлмөрийн аюул, ослыг мэдээлэх, суурь шалтгааныг илрүүлэх, дахин гарахгүй байхын тулд үр дүнтэй залруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  10. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхаарч манлайлах үүргээ биелүүлнэ.
  11. НМТ-Г үр дүнд хүрэх нөхцлийг бүрдүүлэх, үр нөлөөтэй байлгахын тулд ажилтнуудын оролцоог хангах, дэмжлэг үзүүлэх, урамшуулах болон бусад холбогдох чиг үүргээр манлайлан ажиллана.

ГУРАВ. ЧАНАРЫН БОДЛОГО

  1. Дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж ажиллана.
  2. Үйлдвэрлэлийг автоматжуулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.
  3. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдах тоног төхөөрөмжийн чанарт анхаарснаар хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ сайжирна.
  4. Хугацаа дууссан тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг үе шаттай хэрэгжүүлнэ.
  5. Хэрэглэгчээс ирэх гомдлыг өмнөх онтой харьцуулахад 5%-иар бууруулах, бүтээгдэхүүний чанарыг стандарт норм, дүрэмд хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана.
  6. Монгол улсын хууль, тогтоомж, олон улсын стандартын шаардлагыг хангаж ажиллана.
  7. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана.
  8. Чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулан ажиллана.

ДӨРӨВ. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

“Чандмань-Илч” ХХК нь өөрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхээс зайлсхийх, нөлөөллийг багасгах, бууруулан ажиллахыг ямагт тэргүүн зорилгоо болгон байгальд ээлтэй үйлчилгээтэй хамт олныг бий болгох зарчмыг баримтлан ажиллана.

Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, цаашид тогтвортой хэрэгжүүлэхийн тулд компанийн дотооддоо мөрдөх журмыг шинээр боловсруулан мөрдөх бөгөөд үйлдвэрлэлийн /дулаан, цэвэр ус, бохир ус/ үйл ажиллагаандаа журмуудыг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй байдлаар ажлаа гүйцэтгэх үндсэн шалгуур болон зарчмууд хэрэгжих боломжтой болно.

Байгаль орчны талаар баримтлах бидний бодлого:

  1. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн хог хаягдлыг байгальд ээлтэйгээр дахин боловсруулах замаар агаарын бохирдлыг бууруулахад боломжит бүх хувь нэмрээ оруулна.
  2. Бидний бүтээгдэхүүнийг хэрэглэж буй иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дулааныг үйлдвэрлэхийн тулд ялгарах утаа нь агаарын бохирдолд ихээхэн нөлөө үзүүлэх учраас бид аль болох чанартай, техник технологийн шинэчлэлийг хийж утааны хийд шүүлтүүр тавьж утааны хийг цэвэршүүлэн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлнэ.
  3. Үйлдвэрлэлийн хог хаягдлыг дахин боловсруулж ашиглах замаар хог хаягдлын менежментийг тогтвортой хэрэгжүүлнэ.
  4. Бохир усыг стандартын шаардлагад нийцүүлж цэвэрлэн байгальд нийлүүлнэ.
  5. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, эрчим хүчний хэрэглээг хэмнэнэ,
    мөн орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн эрчим хүчний үйлдвэрлэл, дэлхийн дулааралд нөлөөлөх байдалд хувь нэмэр оруулна.
  6. Байгаль орчны менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлэхэд Монгол улсын хууль тогтоомж, стандартуудыг мөрдлөг болгоно.
  7. Ирээдүй хойчдоо эх дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшлийг бий болгохын тулд сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулна.
  8. Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх үүднээс бохир усны шугам сүлжээний шинэчлэлт, засварын ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

ТАВ. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

  1. Монгол улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартын шаардлагыг дагаж мөрдөнө.
  2. Техник, технологийн дэвшилд тулгуурлан аваар осол гарах эрсдэлтэй ажлын байрны аюул эрсдлийг бууруулах болон арилгахад анхаарч ажиллана.
  3. Ажлын байранд гарах эрсдэл, аюул ослыг тэглэхийн төлөө суурь шалтгааныг илрүүлж, үр дүнтэй залруулах арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлнэ.
  4. Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлж хянаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  5. Аюулыг мэдээлэх хуудсаар осол дөхсөн тохиолдол болон аюул үүсэх нөхцлүүдийг урьдчилан харж, тохирох залруулга болон сэргийлэх арга хэмжээг байнга авснаар осол гарахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
  6. Ажилтан бүрийг аюулгүй ажиллах арга барил, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зан үйлд сургаж дадлагажуулан аюулыг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх арга барилд сургана.
  7. Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, сайжруулах ажлыг тасралтгүй хэрэгжүүлнэ.
  8. Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог сайжруулахын тулд төлөвлөх, хийх, хянах, дахин сайжруулах зарчмыг баримтлан ажиллана.
  9. Ажилтнуудын төлөөллийн оролцоог хангах ба зөвлөлдөх үйл явцыг бий болгох үүднээс тэдгээрийн дуу хоолой, саналыг үйл ажиллагаандаа тусгана.